semenya05-696x383

Эрэгтэй хүн шиг гэж үзээд дахин тэмцээнд орхыг хориглов

Олимпийн хошой аварга, дэлхийн мөн хошой аварга, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гүйгч Кастер Семеня Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоотой заргалдан, Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан ч ялагдал хүлээлээ. Одоо түүнд ойрын 30 хоногийн хугацаанд давж заалдах эрх байгаа юм.

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо /ОУХАХ/-ноос 800 болон 1500 метрийн зайд уралдаж буй тамирчин бүсгүйчүүдийн литр цусан дахь тестостероны хэмжээ 5 наномолиос давахгүй байх ёстой гэсэн дүрэм баталсан юм. Эмэгтэйчүүдийн нэг литр цусан дахь тестостероны хэмжээ дунджаар 1.79 наномоль байдаг аж. Харин нас биед хүрсэн эрчүүдийн нэг литр цусан дахь тестостероны хэмжээ дунджаар 29.4 наномоль байдаг гэнэ.

Тэгвэл Кастер Семенягийн нэг литр цусан дахь тестостероны хэмжээ дунджаар 10 наномоль гэнэ. Тиймээс түүнийг эмэгтэй хүн гэж үзэхэд хэцүү гэж ОУХАХ-ноос үзэж, сүүлийн 10 жилийн турш Кастер Семеня ямар нэгэн байдлаар гадуурхагдаж, тэмцээнд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа юм.

Кастер Семеня тестостероны хэмжээ хавьгүй өндөр байдгийнхаа учрыг байгалиас заяасан өгөгдөл гэж хэлдэг. Хэдийгээр Семенягаас олон удаа допингийн шинжилгээ авахад нэг ч удаа эерэг хариу гарч байгаагүй ч ОУХАХ түүнийг тестостероны хэмжээгээ тусгай эм бэлдмэлийн хүчээр буулгахыг шаардаж буй юм.

“Би зүгээр энэ хорвоод ямар заяасан тэр бие махбодиороо уралдахыг хүсч байна. Энэ дүрэм бол үнэндээ зөвхөн намайг хааж боох гэж бодож олсон зүйл. Тэд намайг арван жилийн турш аль болох л зайлуулчих гэж хичээлээ. Гэвч би илүү хүчтэй болж эргэн ирсээр байгаа. Ийм шийдвэр гаргалаа гээд намайг хорьж тогтоохгүй. Би дахиад оргилд гарч, Өмнөд Африк болон дэлхийн залуу тамирчин бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг их амжилт руу уриалан дуудах болно” хэмээн Кастер Семеня өгүүлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих