Эрүүл мэнд, гоо сайхан тойрсон ЭЕРЭГ ЗӨВЛӨМЖ

  1. Эмэгтэй хүний гоо сайхны илэрхийлэл бол арьс яах аргагүй мөн. Ажлын онцлогоос шалтгаалж үргэлж хурц гэрэлтэй орчинд харьцангуй удаан хугацаанд будгаа арилгахгүй ажиллах үе гардаг. Энэ нь арьсыг гэмтээх талтай. Тиймээс онц чухал ажилгүй өдрүүдэд будахгүй арьсаа амраахыг илүүд үздэг. Бас үдэш унтахдаа нүүрээ тун сайн цэвэрлэхийг эрхэмлэдэг. Мэдээж өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн, тэр тусмаа суурь болон арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэрэглэх чухал.Тиймээс охид бүсгүйчүүддээ хэлэхэд үнэтэй гэхээсээ илүү өөрийн арьсанд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь үр дүнтэй гэж хэлмээр байна. Миний хувьд Диорын үнэнч хэрэглэгч болоод 10 гаран жил болж байна. Ээж эгч нар маань хэрэглэдэг болохоор дагаад л хэрэглэсэн. Арьсанд маань ч тохирдог. Харин сүүлийн үед ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн нэмэлтээр хэрэглэж хэвшиж байна. Ядаж л уруул өнгөлөгч, нүдний тень гэх мэт туслах бүтээгдэхүүнүүдээ өөрчлөх гэж туршаад л явна.
  2. Бага байхдаа хөдөө амарчихаад ирмэгцээ хичээл эхлэхийн өмнөх 7 хоногийн турш унтахынхаа өмнө тараг түрхэж цайрдаг байснаа санаж байна. Одоо бол агаар салхинд гарахдаа арьсаа хамгаалж нарны тос, чийгшүүлэгч тогтмол хэрэглэдэг. Ерөнийдөө хуурай эмзэг арьстай учраас унтахынхаа өмнө арьсаа сайтар цэвэрлэсний дараа шөнийн тос юм уу чийгшүүлэгч түрхдэг. Уруул омголтох эсвэл арьсны хэт хуурайшсан хэсэгт оливын тос түрхдэг. Энэ миний нэг ёсны нууц жор байж мэдэх юм.
  3. Жин барих надад асуудал болж байсангүй. Ургамалан хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой. Өглөө босоод бүлээн ус уугаад 20-30 минутын дараа өглөөний цайгаа ууж хэвших нь ходоод гэдсэнд тун тустай. Сүүлийн жилүүдэд хоолоо цагт нь идэж дадах гэж их хичээж байгаа. Хичнээн цагаан, ногоон хоол хүнс хэрэглэлээ гээд зөв хооллохгүй бол ходоод гэдэс хямардгийг би өөрийн биеэр мэдэрч байсан учраас хүн бүр өглөөний цайндаа ач холбогдол өгч, хичнээн ажилтай байсан ч цагтаа хоолоо идэж байгаарай гэж сануулъя.
  4. Ходоод гэдэг хогийн сав биш гэдэг хатуухан үгтэй санал нийлдэг шүү. Сүүлийн жилүүдэд залуус бие бялдраа хөгжүүлж, хоол хүнсний сонголтондоо анхаардаг болсонд баяртай явдаг. Бөхчүүдээс бусад залуус бараг гүзээтэй явахаа болих гээд байна. Мах сүүн бүтээгдэхүүнээс татгалздаг учраас уураг шимтэй буурцаг, үр жимс түлхүү хэрэглэхийг хичээдэг. Жимс ногоо бол мэдээж миний байнгын хэрэглээ. Тэр тусмаа монгол хөрсөнд ургасан элдэв химийн бордоо, генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхсэн гэж боддог. Ялангуяа гоё сайхан харагддаг лангуун дээрх жимснээс илүүтэй монголд ургасан нэрс, чацаргана, аньс, үхрийн нүд гэх мэт жимсийг хандалж, чанамал хийх маягаар түлхүү хэрэглэдэг болсон. Бас хушны самар нөөцөлж цэвэрлээд цөмөх дуртай. Тослог ихтэй, уургийн агууламж өндөртөй, өег амтлаг гээд ер нь их гоё.
  5. Би шөлтөй хоолонд дуртай, ялангуяа оройн хоол шөлтөй байвал шингэц сайтай. Дээр нь элдэв төрлийн амтлагчинд дургүй . Ер нь гурилтай шөл, хүрэн манжинтай шөл, хулуу бууцайны зутан шөлөнд дуртай.
  6. Хүний арьсны өнгө төрх идэж байгаа хоол хүнсний тань шингэц ямар байгааг илтгэдэг. Ялангуяа халууны улиралд өөх тостой хоол, мах болон чихэрлэг зүйлс бага хэрэглээд ус сайн уувал зүгээр. Мах их идсэнээрээ эрүүл аж төрнө гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл байхгүй л болов уу. Монголчуудын дийлэнх нь ходоод гэдэсний шарх, элдэв хавдараар өвчлөөд байгаа нь архи тамхины хэт их хэрэглээнээс гадна ходоодонд орж байгаа хоол хүнсний бүтцээ сайн мэдэхгүй олдсоныг нь баруун солгойгүй хоолойгоороо давуулж байгаатай холбоотой. Бас өлөн элгэн дээрээ гашуун нясуун зүйл, бүхэл хоол аль болох бага идвэл эрүүл мэндэд тустай. Мөн гурил цагаан байх тусмаа чихрийн агууламж ихтэй, шингэц муутай байдаг. Одоо бол дээд гурил хамгийн сайхан нь биш гэдгийг л хэлмээр байна. Үнэтэй болгон чанартай, гоё сайхан харагдсан бүхэн хоол болдоггүй. Бас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж Монгол хөрсөнд ургасан жимс ногоог хэрэглэцгээе гэж уриалмаар байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих