judo-boh

“Чиндао Мастерс-2019” тэмцээнээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болж, Монголын 10 жүдоч барилдсанаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос хоёр бөх барилдаж, хоёулаа медаль хүртлээ.

Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн тавцанд зогсов.

Харин Г.Хэрлэн эрч хүчтэй барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байв.

Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.

Харин хамгийн их найдлага төрүүлж байсан дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар медальгүй хоцорсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих