Хүмүүжлийн эерэг аргын гол зорилго нь эцэг эхчүүд холын зорилгодоо хүрэхийн тулд хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар түүнтэй харилцах явдал юм.
Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явцад зарим хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд эцэг эхчүүд холын зорилгоо умартаж тухайн үед үүсээд байгаа асуудал дээр буюу ойрын зорилгодоо хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь олонтаа. Гэвч энэ үед холын зорилгоо гол үзэл баримтлал болгон дагаж мөрдсөөр байвал тухайн асуудлыг ухаалгаар зохицуулах боломжтой юм.
Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцаж, аливааг ойлгуулах нь мөн хүмүүжлийн эерэг аргын хэлбэр юм. Гэр бүл дэх харилцаа халуун дулаан байвал хүүхэд эцэг эхээ баярлуулахыг байнга хүсдэг болдог байна.
Халуун дулаан харилцаа нь ойрын зорилтыг тухай бүрд нь зүй зохистой шийдвэрлэж, алс хэтдээ шаардлагатай сайн зүйлд сургадаг. Учир зүйг ойлгуулснаар хүүхэд өөрийнхөө алдааг ухамсарлаж, түүнийгээ засаж залруулахын тулд юу хийж болох тухай бодож чармайдаг.