danny_baker_royal_baby_tweet (1)

Хунтайжийн хүүг шимпанзетай зүйрлэсэн учир ажлаасаа халагдав!

Их Британийн “BBC Radio 5 Live”-ийн хөтлөгч 61 настай Дэнни Бейкер ханхүү Харри болон Меган Марклын хорвоод мэндлээд хэдхэн хонож буй хүүг шимпанзетай зүйрлэснийхээ төлөө ажлаасаа халагдлаа.

Тавдугаар сарын 6-ны үүрээр 37 настай Их  Британий хунтайжийн эхнэр Меган Маркл амаржиж, 3.26 кг хүү төрүүлсэн. Хүүгээ Арчи Харрисон Маунбеттен-Виндзор гэж нэрлэснээ хосууд зарлаж, сэтгүүлчдэд харуулсан юм. Меган Марклын ээж нь афро-америк эмэгтэй.

Харин хөтлөгч Дэнни Бейкерийн хувьд олон нийтийн сүлжээнд шимпанзе хөтөлсөн эрэгтэй эмэгтэй хоёр хүний хуучны нэгэн зургийг оруулаад тайлбартаа “Язгууртан хүү эмнэлгээс гарлаа” гэж бичсэн ажээ.

Энэ пост Их Британид ихээхэн шуугиан дэгдээж, удалгүй түүнийгээ устгасан ч BBC-гийн удирдлага ажлаас нь халсан байна. “Дэнни бол мэргэшсэн сайн хөтлөгч. Гэхдээ цаашид манай долоо хоногийн нэвтрүүлгийг хөтлөхгүй” гэж ВВС-гээс мэдэгдээд амжлаа.

Тэрээр твиттер хуудсандаа бухимдсан иргэдээс уучлал гуйж, өөрийн хийсэн үйлдлийг “бодлогогүй, тэнэглэл” байсныг хүлээн зөвшөөрчээ. Бэйкер нь өөрийн хөтөлдөг BBC сувгийн “Saturday Morning” шоугаараа хэд хэдэн удаа шагнал хүртэж байсан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй мэргэжилтэн юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих