oron-nutgiin-muzein-toollogo-2019

Орон нутгийн музейн тооллого цахим хэлбэрт шилжив

Монгол Улсын Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын дагуу тооллогын ажлын төлөвлөгөө батлагдаж Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг улсын хэмжээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулж байна.

Энэ ажлын хэрэгжилтийн хүрээнд Увс аймгийн музейн сан хөмрөг, 17 сумын Орон нутаг судлах танхимын нийт 9098 үзмэрийг тоолж баталгаажуулах тооллогын ажил эхэллээ. Тодруулбал, энэ 2-ноос ирэх сарын 15-ны хооронд тус аймгийн музейн сан хөмрөгийг тоолох бүртгэх ажил хийгдэж, ирэх сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл 17 сумын Орон нутаг судлах танхимын сан хөмрөгийн тооллогын ажил үргэлжлэн явагдана. Дээрх тооллого хийгдсэнээр сан хөмрөгийн баяжилт, орон нутаг судлах кабинетын хадгалалт хамгаалалтанд үнэлгээ тогтоох чухал ач холбогдолтой аж.

Дашрамд дуулгахад, энэ удаагийн тооллогод улсын хэмжээний төрийн өмчийн музей, байгууллага, орон нутгийн өмчийн музей, шашны өмчийн сүм хийд, хувийн музей зэрэг 45 байгууллага, 265 сумын орон нутаг судлах танхим хамрагдах ба тооллогын бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээрээ онцлог, давуу талтай юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих