Америкийн Техас мужийн иргэн Тельма Чиака 6 ихэр хүүхэд төрүүлжээ. Нэг дор 6 ихэр хүүхдээ төрүүлэн амаржсан эх “The Woman’s Hospital of Texas” эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр ямарваа хүндрэлгүй төрж, хүүхдүүд ердөө 9 минутын хугацаанд хорвоод мэндэлжээ.
2 охин, 4 хүү гуравдугаар сарын 15-нд эхээс мэндэлж, 800-1300 грамм жинтэй эрүүл саруул төрцгөөсөн байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.
Тельма Чиака ихэр охидууддаа өгөх нэрээ хэдийнээ олж, бяцхан охидууддаа Зина болон Зуриэль гэх нэр өгөх гэнэ. Харин 4 хүүдээ одоогоор нэр бодож олоогүй байгаа юм.
Техасын төрөх эмнэлгийн эмч нарын ярьж байгаагаар 6 ихэр төрөх магадлал 4,7 тэрбумд нэг тохиолддог гэнэ. Тиймээс чухам тэдний эмнэлэгт 6 ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэнд эмнэлгийн ажилтнууд туйлын баяртай байгаа юм.