Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн холбооноос сануулга өгч, дэвжээнийх нь багш Мияагино Ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэр гаргажээ.
Учир нь их аварга саяхан болж өнгөрсөн хаврын башёд түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь энэ шийтгэлд хүргэсэн байна. Гэхдээ уг шийтгэл нь сумогийн холбооны хамгийн хөнгөн шийтгэл бөгөөд уламжлалт ёс заншлаа хадгалахын тулд зүгээр өнгөрөөж боломгүй үйлдэл хэмээн үзсэн аж.
Харин багшийг нь шавиа сайн хүмүүжүүлээгүй хэмээн буруутгажээ. Мэргэжлийн сумо бөх мэдээж маш нарийн ёс жаягтай явагддаг. Гэхдээ үзэгчид алга таших эсэх нь сумо бөхийн бус үзэгчдийн шийдвэр байдаг билээ. Энэ шийтгэл нэг талаар Монгол сумочдыг бага багаар хавчих гэсэн арга хэмээн яригдах болжээ.