4d1203e103a04a449dbfb3eb635f785d_18

Ромын Пап хоригдлуудын хөлийг үнсэв

Улаан өндөгний баярын битүүний өдөр буюу Ариун Бархасбадь өдөр Католик шашны тэргүүн, Ромын Пап Франсис Италийн Веллетри хотын шоронд хоригдож буй 12 хоригдлын хөлийг угаах ёслол үйлдсэний дараа тэдний хөлийг үнсч, бие биедээ туслан, энэрэнгүй хандахыг уриалжээ.

Хөл угааж, үнэсэх уламжлал нь Католик шашны хамгийн чухал ёсын нэг юм. Ариун сударт Исүс Христ цовдлуулахаасаа өмнөх өдөр Сүүлчийн оройн зоогны өмнө 12 дагагчийнхаа хөлийг угаах ёс үйлджээ. Үүний дагуу, Ариун Бархасбадь өдөр шашин номлогч 12 сүсэгтний хөлийг угаах ёс тогтжээ.

Өмнөх Ромын папууд энэхүү ёсыг Ром хотын гол дөрвөн католик сүмийн нэгд үйлддэг байсан бол Пап Франсис эл уламжлалын бэлгэ тэмдэг, ач холбогдлыг онцлох зорилгоор шорон, цагаачдын байр, өндөр настны асрамжийн газар зэрэгт үйлдэх уламжлалт тогтоогоод байна. Тэрбээр Веллетрийн шоронгийн хоригдлуудад “Исүс Христийн үед хүний хөл угаах нь боол, зарцын хийх ажил байсан. Харин энэ бол Исүсийн дүрэм, Евангелийн дүрэм. Хүн хүнийгээ түрэмгийлэн, доромжлох бус хүн хүндээ үйлчлэх дүрэм юм. Хүчтэй нь хүчгүйдээ үйлчлэх ёстой” гэжээ.

Веллетри шоронд гол төлөв хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэд хоригддог байна.

82 настай Ромын Пап Франсис үүнээс өмнө Өмнөд Суданы удирдагчдын хөлийг үнсч, олны гайхшралыг төрүүлж байсан билээ. Энэ үйлдлээрээ тэрбээр дайныг зогсоохыг уриалсан юм.

Дэлхий дээр 1.2 тэрбум католик шашинтнууд амьдарч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих