Бага насны хүүхэд гулигах нь хэвийн үзэгдэл, эсвэл эмгэг аль нь ч байж болно. Хүүхдийн гэдэс дүүрсэн эсвэл ээжийн сүү элбэгээс хэт хооллосон үед гулигадаг. Энэ нь хэвийн үзэгдэл. Сууж эхлээгүй хүүхэд хөхөө хөхсөний дараа шууд хэвтдэг нь гулигах нэг том шалтгаан юм.
Ийм үед ээжүүд хүүхдээ босоогоор нь тэврэх буюу тэврэх боломжгүй үед хагас хажуугаар нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Хэрвээ хүүхдийн гэдэс дүүрсэн юмуу ямар нэг байдлаар хямарсан бол гулигаж болно.
Энэ үед гулигаж байгаа үндсэн шалтгаан болсон гэдэсний дүүрэнгийг арилгах хэрэгтэй. Хэрэв хэт хооллоогүй, гэдэс дүүрээгүй үед хүүхэд гулигаад байвал энэ нь ямар нэг эмгэгийн шинж байж болно.
Жишээлбэл: төрөлхийн гэдэс ходоодны замын ямар нэгэн эмгэг битүүрэл, нарийсал зэрэг байж болно. Хөхдөггүй буюу нэмэлт холимог хоолтой хүүхэд бол нэмэлт хоолноосоо шалтгаалж гэдэс хямрах шинж түгээмэл байдаг.
Хэт хооллоогүй, гэдэс хямраагүй хүүхэд гулигаад байвал тархины даралт болон толгойн бусад эмгэгээс болж байж болно. Ийм үед мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Мөн энэ жилийн хувьд бөөлждөг гэдэс хямардаг ханиад гарсан байгаа тул ханиад, томуу, вирусийн халдвараас болж хөхүүл хүүхэд гулигах тохиолдол элбэг байгааг аав ээжүүд анхаарна уу!