halh-gol

Сансрын нисгэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарын төлөөлөгчдийг БХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “1939 оны Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаад талархсанаа илэрхийлье” гээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.

~Сансрын нисгэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа~

Тухайлбал, ОХУ-ын Тува Улс, Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужтай хамтарсан ялалтын үзэсгэлэн, Эрхүү мужаас Дорнод аймгийн Халх гол сум хүртэлх монгол, орос залуучуудын тойрон аялал, Дорнод аймагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургууль, “Халхын гол-80” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ОХУ-ын БХЯ-ны “Звезда” телевиз хамтран дөрвөн ангит баримтат кино бүтээлээ. Мөн Дорнод аймгийн Халх гол суманд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг Эрхүүчүүдийн бүтээснээр шинээр байгуулж, хэд хэдэн зөвлөлтийн дайчдын хөшөөг сэргээн засварлалаа.

Улаанбаатар, Чойбалсан, Чингис хот болон Дорнод аймгийн Халх гол суманд ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр орны хамтарсан хээрийн сургуулийн үед Халхын голд хоёр талын хамтарсан хайгуулын бүлэг зөвлөлтийн 17 дайчны шарилыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулсан зэрэг олон арга хэмжээг нэрлэж болно. Ялалтын энэхүү ойг хамтран тэмдэглэхэд ОХУ-ын Батлан хамгаалах яам ихээхэн анхаарч, А.В.Александровын нэрэмжит Дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, Агаар-сансрын хүчний нисэх “Русские витязи” бүлгийн уран нислэгийн үзүүлбэрийг үзүүлсэн нь энэ баярт өнгө үзэмж, сүр жавхааг нэмж чадлаа. Хамгийн гол нь бидний хамтдаа тэмцэж авчирсан түүхт ялалтын ойд эрхэм баатрууд маань өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэнд дахин баярласнаа илэрхийлье гэв. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэг болон бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнасан юм.

Уулзалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх нарын албаныхан байлцлаа.

Эх сурвалж: БХЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих