Гурван настай хүү нь аавынхаа “Ipad”-д буруу нууц үг оруулсны улмаас 2067 он хүртэл түгжсэн тохиолдол АНУ-ын нийслэл Вашингтон хотод гарсан байна. Энэ явдал өнгөрсөн амралтын өдөр “The New Yorker” сэтгүүлийн ажилтан Эван Осност тохиолджээ. Тэрбээр твиттер хуудастаа бяцхан хүүгээсээ болж асуудалд орсноо мэдээлж, жиргээчдээс тусламж хүссэн байна.
Оснос “Худлаа мэт санагдаж болох ч гурван настай хүү минь түгжээг нь тайлах гэж оролдож байгаад “Ipad”-ыг минь түгжчихлээ. Яах вэ?” хэмээн жиргэжээ. Түүний iPad-ын дэлгэц дээр түгжигдсэн тухай мэдээлэл гарч, улмаар 25 536 442 минутын дараа дахин оролдож үзнэ үү” хэмээх мэдэгдэл ирсэн байна. Энэ дагуу 48 жилийн дараа Оснос “iPad”-аа дахин ашиглах боломжтой болох аж.
Хэн нэгэн “iPad”-ыг нээхийн тулд дахин дахин буруу нууц үг оруулснаар түгжигддэг нь “Apple”-ийн төхөөрөмжийн аюулгүй байдлын онцлог ажээ. Буруу үг оруулах тутам төхөөрөмжийн түгжээтэй байх хугацаа улам уртасдаг байна. Осносыг твиттертээ энэ тухай жиргэснээс хойш түүнийг дагагчид өөр өөрсдийн санал бодлыг харамгүй хуваалцжээ. Тэрбээр хэдэн мянган зөвлөгөө хүлээн авсан байна. Зарим нь “iPad-аа зүгээр л компьютертээ холбож, “iTunes” ашиглан тохиргоо хийхийг санал болгосон бол зарим нь будаатай уутанд хийхийг зөвлөжээ. Мөн нэгэн хэрэглэгч “Санаа зовох хэрэггүй, 48 жил хүлээ” хэмээн зөвлөсөн байна.
Даваа гаригт тэрбээр “The New York Daily News”-т ярилцлага өгөхдөө төхөөрөмжийнхөө түгжээг гаргаж чадаагүй байгаа талаараа ярьжээ. Мөн Эван Оснос энэ явдалтай холбогдуулан хүүхдүүдээ ямар нэг төхөөрөмжтэй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна. Мөн “Apple” компанийн зүгээс түгжээг гаргах боломжгүй ч оролдлого хийж байгаа гэдгийг дурджээ