alsiin-haraa-2050

С.Бямбацогт: “Алсын хараа 2050” бол Үндсэн хуулийн дараа орох Төрийн бодлого, баримт бичиг юм

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/-ийн ээлжит хуралдаанаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Д.Тогтохсүрэн “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичгийг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарч УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахлан ажиллаж байна. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг яаралтай шийдвэрлэх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэв.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “УИХ өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтөд Монгол Улсын Төрийн бодлого, хөгжлийн бодлого тогтвортой байна хэмээн хуульчилсан. Хөгжлийн бодлогод бусад бүх баримтууд нийцэж байх, урт, дунд, богино хугацааных хоорондоо, үндэсний хэмжээний бодлого бүс нутгийнхтайгаа, бүс нутгийнх нь орон нутгийн бодлоготойгоо, салбарынх нь салбар дундын бодлоготойгоо уялдаатай байхаар тусгасан. Үүнтэй холбоотой Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлах гэж байна. Засгийн газраас “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтыг өргөн мэдүүлсэн. УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн дараа орох хамгийн том бодлогын бичиг баримтын анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

~“Алсын хараа 2050” бол Үндсэн хуулийн дараа орох Төрийн бодлого, баримт бичиг юм~

Монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцагны бодлого болсон энэхүү бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл цаашид хэрхэн хөгжүүлэх чухал зүйл юм. Үүнтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын дэд дарга нар, бүх байнгын хорооны дарга нар, УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулсан. Энэ хөгжлийн бичиг баримт нь зөвхөн МАН-ын 65 гишүүн УИХ-д суудалтай байх үед баталсан, оролцож хийсэн ажил биш юм. Засгийн газар ч мөн хөгжлийн бичиг баримтыг жил гаруй хугацаанд хэлэлцэж, батлахдаа эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл, Төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 1500 гаруй хүний оролцоотойгоор боловсруулсан” гэв.

2016 онд одоог хүртэл баримталж байгаа “Тогтвортой хөгжил 2030”-ыг баталсан. Түүнд суусан зорилго, зорилтуудыг “Алсын хараа 2050” бичиг баримтад тусгах талд ажлын хэсэг анхааран ажилласан байна. Ингэхдээ зарим нэг алдаатай заалтуудыг засч, залруулахыг хичээсэн гэдгийг онцолсон. Тухайлбал, ядуурлыг 2030 онд тэг төвшинд хүртэл буулгана гэсэн байсныг 2030 онд 15 хувь, 2040 онд 10 хувь, 2050 онд таван хувь болгох зорилт болгон өөрчилжээ. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 онд 17500 ам.доллар гэж байсныг тооцоолол хийснээр 2030 онд 12.000 ам.доллар, 2050 онд 38.000 байхаар тусгасан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих