said-ariunzaya

Сайд А.Ариунзаяа Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуульдаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэг нь манай улс. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2019 онд Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам, Үндэсний цагдаагийн агентлаг хооронд байгуулсан.

Уулзалтаар дээрх Санамж бичгийн хүрээнд тус улсад ур чадвартай ажилтан илгээх болон ур чадварын дадлагажигч илгээх цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодол солилцлоо.
Элчин сайд ноён Кобаяши Хироюки бодитой үр дүнд хүрэхийн төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг дурдаад монголын хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай залуу үе гарч ирж байгааг онцлов.

~Сайд А.Ариунзаяа Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авлаа~

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсын Их дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь нийгмийн салбарын мэргэжилтэй. Харин өндөр хөгжилтэй улс оронд эсрэгээрээ физик, математик, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн илүү хувийг эзэлж байна. Бид ирээдүйн боловсрол, ур чадвартай залуусаа бэлдэхийн тулд өндөр хөгжилтэй улс орны хойноос явах ёстой. Зах зээлд эрэлттэй мэргэжлээр залуусаа сургах, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэд тохирсон боловсон хүчин, хүний нөөцөө бэлдэх зэрэг олон асуудал байна. Энэ тал дээр цаашдаа хамтарч ажиллахдаа таатай байх болно” гэв.
Япон улс Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 2017 онд ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаар Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Ингэснээр өмнө нь дадлагажигч ажилтны ажиллах хугацаа гурван жил байсан бол таван жил болж нэмэгдсэн. Ур чадвартай дадлагажигч хөтөлбөрийн хүрээнд дадлага эзэмшүүлэх нь ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улмаар Монгол Улсын хөгжил, хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих