marc

Зукербэргийн бүтээсэн хайрцаг ямар учиртай бол…

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг өчигдөр өөрийн фэйсбүүк, инстаграм хуудсуудад шинээр зохион бүтээсэн төхөөрөмжийнхөө талаар танилцуулжээ.

Түүний шинэ бүтээл нь өглөө бүрийн 6-7 цагийн хооронд гэрэлтдэг модон хайрцаг юм. Үүнийгээ Зукербэрг “sleep box” хэмээн нэрлэжээ.

Хосууд хоёр охинтой болсноос хойш түүний эхнэр Присила Чан нойр муутай болсныг анзаарснаар ийм төхөөрөмж бүтээх санаа төрсөн гэнэ.

“Тэр үүрээр сэрж, охидоо сэрэх болсон үгүйг утасныхаа цагийг харж шалгадаг. Гэхдээ ингэж цаг хэд болж байгааг мэдчихвэл тэр буцаж унтаж чадахгүй болдог байв” гэж Зукербэрг бичжээ.

Харин ийм хайрцаг бүтээснээр эхнэрийнх нь нойр сайжирч, эерэг үр дүнтэй байгааг хэлсэн байна. Хайрцаг гэрэлтээгүй л бол охидын сэрэх цаг болоогүйг мэдэж, тайван амардаг болжээ.

Хайрцаг өөрөө цаг хэд болж байгааг харуулдаггүй нь стрессийг багасгаж, буцан унтах боломжийг олгодог байна.

Зукербэрг “Одоогоор энэ бүтээл маань төсөөлснөөс илүү үр дүнтэй болж, тэр шөнийн турш сайн унтаж амардаг болсон. Эхнэрээ унтаж амрахад нь ингэж туслах нь инженер хүний хувьд хайраа илэрхийлэх шилдэг арга юм” гэж бичжээ.

Бас түүний ойр дотнын хүмүүс, найзууд “sleep box”-ыг ихээр сонирхож байгаа тул хэн нэг нь бизнес болгохыг өөрийн дагагчдад санал болгосон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих